Цаг үеийн мэдээ

"Соёлын биет бус өвийн өнөөгийн байдал хөгжлийн төлөв-Өмнөговь аймаг" эрдэм шинжилгээний хурал
  • 19 May
  • 2021

"Соёлын биет бус өвийн өнөөгийн байдал хөгжлийн төлөв-Өмнөговь аймаг" эрдэм шинжилгээний хурал

Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Боловсрол соёл урлагийн газраас зохион байгуулсан "Соёлын биет бус өвийн өнөөгийн байдал хөгжлийн төлөв-Өмнөговь аймаг" эрдэм шинжилгээний хурал 2021.5.18-ны өдөр 14-16 цагт цахимаар амжилттай зохион байгуулагдлаа. Хурлыг нээж аймгийн Засаг даргын орлогч Ч.Баяржаргал, баяр хүргэж БСУГ-ын дарга Б.Батболд үг хэллээ. ШУА-ийн ХЗХ-ийн захирал доктор Ж.Бат-Ирээдүй мэндчилгээ илгээлээ. Эрдэм шинжилгээний хуралд Соёлын яамны Соёлын өвийн газрын СББӨ-ийн бодлогын хэрэгжилт зохицуулах мэргэжилтэн Ц.Цолмон, ХЗХ-ийн Аман зохиол судлах салбарын эрхлэгч, доктор А.Алимаа, Соёлын өвийн үндэсний төвийн Соёлын биет бус өвийн бүртгэл мэдээллийн санч Ж.Насанжаргал, ЮНЕСКО-гийн ОХУ-ын Уулын Алтай улс дахь үндэсний комиссын хариуцлагатай нарийн бичгийн дарга, доктор Т.М Садалова, ОХУ-ын Якутын БНУ-ын Зүүн-Хойдын Холбооны их сургуулийн Соёл судлалын тэнхимийн эрхлэгч, доктор, проф Л.С Ефимова, аймгийн БСУГ-ын соёл урлаг хариуцсан мэргэжилтэн Б.Сайнгэрэл, Музейн эрдэм шинжилгээний мэргэжилтэн Л.Болормаа нар, хөтөлбөрийн дагуу илтгэл хэлэлцүүллээ. Хуралд 21 аймаг, сумдын соёлын мэргэжилтэн, ажилтны төлөөлөл, Өмнөговь аймгийн 14 сумын Соёлын төвийн дарга, соёлын өвийн ажилтан нийт 56 хүн оролцлоо. Оролцогчид сэдвийн дагуу илтгэл сонсож, холбогдох илтгэгч нараас асуулт асууж, хариулт авлаа. ЭШХ-д зориулан Ханхонгор сумын мэргэжлийн сургалттай сургуулийн морин хуурын багш Б. Мягмарсүрэн "Шилийн говьд нутагтай Ширмэн мөндөр баатар" туулийг сэргээн амьдруулсан хэсгээс хайлж мэндчилгээ дэвшүүллээ. Хурлыг зохион байгуулахад дэмжиж тусалсан АЗДТГ, Соёлын яам, ШУА-ийн ХЗХүрээлэн, Соёлын өвийн үндэсний төв, БСУГ, Соёлын төвийн хамт олонд гүн талархал илэрхийлье. ЭШХ-аас Соёлын биет бус өвийг хамгаалах, хөгжүүлэх бодлого, бүртгэн баримтжуулалт, олон усын хэмжээнд СББӨ хамгаалж сэргээж буй туршлага, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний олон саналыг судлаач эрдэмтэд, илтгэгчид зөвлөлөө. Бид бүхэн СББӨ-ийг хамгаалах ажилд шамдан ажиллах туршлага энэ хурлын үр дүнд хуримтлууллаа гэж дүгнэж байна.