Халх туулийг сэргээж буй завсрын үр дүнгээс " Шилийн говьд нутагтай Ширмэн мөндөр баатар" туулийг Говь түшээ гүний хошуу одоогийн Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харъяат Цэрэнхорлоогийн Лүндэг агсан 65 настайдаа, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн шинжилгээний ангийн судлаачдад 1983 oнд соронзон хальсны бичлэгт хэлж үлдээсэн нь өдгөө хүрээлэнгийн сан хөмрөгт хадгалагдаж байна.
Сан хөмрөгөөс албан ёсны зөвшөөрөлтэй туулын баримтыг гаргаж соронзон хальсны бичлэгүүдийг MP3 хэлбэрт шилжүүлж хамгаалсан юм. Өмнөговь аймгийн ЗДТГ, БСУГ зүгээс мартагдсан болон яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биeт бус өвийг сэргээхэд гол анхаарлаа хандуулж, говь нутгийн туулыг сэргээх ажлыг судлаач эрдэмтэдтэй хамтран 2019 оноос өрнүүлсний үр дүн гарч эхлээд байна. Энэхүү туулийг Ханхонгор сумын соёл урлагийн мэргэжлийн сургалттай EБСургуулийн морин хуурын багш Б.Мягмарсүрэн сэргээн уламжилсныг эхлэл хэсгээс та бүхэнд хүргэж байна.
Туулийг аялгуу, хөгжимдүүрээр баяжуулан, агуулга хэлбэр, эх унаган байдлыг алдагдуулалгүй сэргээж байгаа болно. Хөгжимдүүрийг Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын харьяат, хөгжмийн зэмсэг урлаач МУСГЗ П.Байгалжав гуай энэхүү туульд зориулан урласан юм.Туульд тэмээн мангасын тухай өгүүлдэг учраас тэмээний тухай домогт гардагчлан эвэртэй байдлаар домгоос сэдэвлэн шинэлэг байдлаар урласан "Тэмээн товшуур" нэртэй хөгжимдүүр юм. Халх туулийг сэргээхэд дэмжиж тусалсан, эрдэмтэн судлаачид, хөгжим урлаач, сэргээн уламжлагч, орон нутгийн удирдлагууд, хөрөнгө санхүүгээр дэмжсэн ЗДТГ хамт олонд талархал илэрхийльe./энэхүү тууль нь гуч гаруй бичмэл хуудас шүлэгтэй бөгөөд дөнгөж эхлэл хэсгээс нь эрдэм шинжилгээний хуралд зориулан хэлснийг та бүхэнд сонирхуулах зорилгоор нийтэллээ /